АНУ-ын Сангийн яамнаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг авилгад өртсөн гэх мэдээллийг өгчээ. Америкийн Засгийн газар урьд өмнө нь Путины ойрын шадар туслахуудыг авилгын гэмт хэрэгт буруутган хориг арга хэмжээ авсан ч Владимир Путиныг анх удаа авилгын хэрэгт шууд буруутгаж байгаа юм.
АНУ-ын Засгийн газрын таамаг сэжгийн хариуд Путины хэвлэлийн төлөөлөгч эдгээр асуултуудад хариулаад байх шаардлага байхгүй, учир нь бүгд худал мэдээлэл гэсэн тайлбарыг өгчээ. Харин өрнөдийнхний зүгээс олон жилийн турш Путиныг тойрон хүрээлэгчид хөрөнгөжиж ирсэн. Тэд төрийн мөнгөнөөс халаасалсан, эсвэл эрчим хүчний салбараас ашиг олж ирсэн ч байж магадгүй, үүнд Ерөнхийлөгч шууд холбоотой, энэ бол авилгал гэж үзээд байна.
2014 онд Америкийн Засгийн газар Кремлийн хэд хэдэн эрх баригчдын эсрэг хориг тавьсан бөгөөд Владимир Путин эрчим хүчний салбарт нууцаар хөрөнгө оруулж байгааг мэдсэн байна. Гэхдээ тухайн үед Путиныг шууд авилгад өртсөн гэж буруутгаж байгаагүй юм. Украйны асуудлаас болж Европын Холбоо ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахтай зэрэгцэн АНУ ч мөн хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтанд нэмж оруулсан юм.
2007 онд Путин 40 тэрбум долларын хөрөнгөтэй гэж АНУ-ын Тагнуулын төв газар мэдээллэж байжээ. Энэ нь бодитой эсэх нь эргэлзээтэй ч Оросын төрийн тэргүүн асар их хэмжээний нууц хөрөнгөтэй гэж сэжиглэсээр байгаа юм. Владимир Путин ОХУ-ыг удирдаж байгаагийн хувьд хуулийн дагуу жилдээ 110,000 долларын цалинтай байдаг байна.
Путиныг авилгад өртсөн гэдгийг батлахыг оролдсон зарим нэг баримтаас дурдвал Совкомфлот төрийн мэдлийн усан онгоцны компаний захирал Дмитрий Скарга Владимир Путинд 35 сая долларын үнэтэй 57 метр урт Олимпиа дарвуулт онгоцыг шилжүүлэн өгчээ. Энэ нь хөлбөмбөгийн Челси багийн эзэн Роман Абрамовичийн бэлэг юм байна. Дарвуулт онгоцыг офшор компаниар дамжуулан Ерөнхийлөгчийн нэр дээр шилжүүлжээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (9)