Цасанд дарагдсан хотуудын оршин суугчид байшин барилгынхаа өмнөх талбайг цэвэрлэн, цасан доороос машинаа гарган авч байна. АНУ-ын зүүн хэсгийн 5 мужид орсон их хэмжээний цасны өндөр дээд тал нь 1 метр хүрсэн байна. Амралтын өдрүүдээр 12000 нислэг цуцлагдсан байна. Нийслэл Вашингтон хот дахь холбооны засгийн газрын албадууд, төрийн байгууллагууд болон ихэнх сургууль, цэцэрлэгүүд өнөөдөр ажиллаагүй байна. Цасны улмаас нийслэл хотын метро, автобус гэх мэт нийтийн тээврийн үйлчилгээ хугацаанаасаа хоцрох гэх мэт саатлууд гарч байгаа юм байна. Нью-Йорк хотод түүхэндээ хоёрт орох их хэмжээний цас орсон бөгөөд хотын албаны зүгээс цас цэвэрлэх ажил дуустал оршин суугчдыг замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулсан байна. Амралтын өдрүүдээр явагдсан цасан шуургыг америкчууд "Сноумагеддон", "Сноузилла" хэмээн нэрлэцгээж байна. Цасан шуурганы үеэр 11 мужид онцгой байдал зарласан бөгөөд энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 29 хүн амь үрэгджээ. Цасан шуурганы улмаас мөн 300000 хүн цахилгаангүй болсон байна. Энэ үеэр Баруун Виржиниа мужид хамгийн өндөр цас орсон байна. Тус мужийн Гленгари хотод орсон цас 42 инч буюу 106,68 см хүрсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/