Латин Америк болоод Карибийн тэнгисийн улсуудад тархаж эхлээд байгаа Зика вирусын халдварыг газар авахуулахгүйн тулд бүс нутгийн улсууд чадах бүхнээ хийж байна. Мексик улсад одоогоор 15 хүн энэ вирусын халдварыг аваад байгаа бөгөөд шумуулаар дамждаг энэ өвчин ургийн гажиг үүсгэдэг учир тун аюултайд тооцогддог юм. Мексикийн эрх баригчид төрийн үйлчилгээний байгууллагуудаас эхлээд бүхий л дэлгүүр хоршоо, олон нийтийн газарт утаа тавьж хортон шавьж нэвтрэхээс сэргийлж байна.
Айл өрхүүдэд ч гэрээ байнга утахыг зөвлөж байгаа юм. Сайн дурын ажилтнууд Зика вирусын халдварын талаархи мэдээллийг хүмүүст өгч, урьдчилан сэргийлэх арга замуудыг зааж эхлээд байна.
Зика вирусын тархалт газар авч байгаатай холбоотойгоор Бразил, Колумб зэрэг улсуудын эрүүл мэндийн салбарынхан төрөх насны эмэгтэйчүүдэд анхааруулга өгч эхлээд байна. Тодруулбал хүүхэдтэй болохоор төлөвлөж буй хүмүүст энэ төлөвлөгөөгөө хэсэг хугацаанд хойшлуулахыг зөвлөж байгаа юм. Жирэмсэн эх Зика вирусын халдвар авбал ургийн тархины хөгжил зогсдог учраас дээрхи сануулгыг өгөх болоод байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/