Дэлхий нийтийг тэр дундаа Африк тивийг айдас түгшүүрт автуулаад байсан Эбола вирусын тархалт бүрэн дүүрэн намжаагүй байхад дахин нэг вирусын халдвар Латин Америк болоод Карибийн тэнгисийн улс орнуудад тархаж эхлээд байна. Өнгөрсөн Пүрэв гаригт Бразил улсын төрийн тэргүүн Дильма Руссеф Зика вирусын тархалтыг газар авахуулахгүй байхын тулд боломжтой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уриалсан юм. Тэрээр Зика вирусын эсрэг вакцин бүтээх ажил үргэлжилсээр байгааг хэлээд ард иргэдэд хандан өөрсдийгөө, гэр бүлээ чадах чинээгээрээ хамгаалахыг зөвлөлөө. Мөн тогтонги бохир ус, гол мөрний ойр орчмоос аль болох хол байж, орон гэрээ шумуул мэтийн хортон шавьжаас цэвэрлэх ёстойг ч сануулсан юм.
Энэ вирусын халдвар жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ургийн гажиг үүсгэдэг гэдгийг эмч нар хэлж байгаа юм. Тодруулбал зика вирусын халдвар микроцефалия буюу ургийн тархины хөгжил зогсох эмгэгт хүргэдэг юм.
Болд-Эрдэнэ Тэргэл