БНХАУ-ын дарга Си Зиньпинь Ираны дээд удирдагч Аяатолла Али Хаменейтай Техран хотод уулзсан байна. Ираны эсрэг тавьсан олон улсын хориг цуцлагдаж байгаа энэ цаг үед Иранд айлчилж буй анхны их гүрний удирдагчаар Си Зиньпинь нэрлэгдэж байна. Тэрээр эдийн засгийн хориг цуцлагдсан явдал нь маш том хаалтыг авч хаясан хэрэг болохыг хэлээд цаашдаа Иран болон Хятадын харилцаа улам бүр өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.
БНХАУ нь Ираны хувьд худалдааны томоохон түнш нь байж ирсэн юм. Цөмийн хөтөлбөртэй нь холбоотойгоор олон улс Ираны эсрэг эдийн засгийн хориг тавьж, 2012 оноос энэ хоригийг улам бүр чангатгаад байсан билээ. Тэр цаг үед ч Хятад улс Иранаас тогтмол газрын тос худалдан авсаар байсан нь зогсонги байдалд орсон Ираны эдийн засагт дэм болж байсан юм.
Ираны Ерөнхийлөгч Хассан Роуанни ч Хятад улс хүнд хэцүү цаг үед бидэнтэй хамт байсан хэмээн мэдэгдэж байсан удаатай. Ямартай ч Ираны эсрэг хориг цуцлагдсанаар Хятад болон Ираны худалдаа, эдийн засгийн харилцаа улам бүр өргөжих боломжтой болж байна. Си Зиньпиний айлчлалын хүрээнд 20 орчим гэрээ хэлэлцээр үзэглэгдсэн гэдгийг Ираны телевизүүд дамжуулж байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/