Богд Хааны Ордон Музей дэх "Хаан туульсийн өргөө"-нд өвлийн адаг сард жил бүр тууль хайлдаг уламжлалтай.
Энэ сарын 16-нд “Долоон түмэн настай Довон хар бөх” хэмээх нэртэй тууль хайлсан. Энэ удаад “Зураг шаргал морьтой Зул алдар хаан” хэмээх туулийг маргааш “Хаан туульсийн өргөөн”-нд хайлах юм.
Монгол тууль 2009 онд хүн төрөлхтний яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад ороод буй. Манай улсад өдгөө ная гаруй туулийн 270-аад хувилбар хадгалагдан үлдсэн гэдэг. Тууль бол Монгол ардын аман билгийн нэн эртний төрөл хэлбэрийн нэг бөгөөд хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрдэл болдог том хэмжээний туурвил билээ. Нэгэн шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиудаас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль ч цөөнгүй байдаг.