Хэмжээгээрээ улсдаа хоёрт ордог Боливын Поопо нуур ууршин алга болсон гэдгийг өнгөрөгч сард албан ёсоор зарласан байна. Ууршиж алга болсон нуурын эрэг дагуу ашиглагдахаа больсон загасчдын завинууд үлдэж хоцроод байна. Нуур алга болсноор эргийн дагуу амьдарч байсан олон мянган хүн томоохон хотуудыг зорих болсон байна. Харин загас агнуураар аж амьдралаа залгуулж ирсэн загасчин Валерио Рохастай адил тухайн нутгийн оршин суугчдын хувьд нүүж суухад хэтэрхий хөгширсөн гээд ганц, хоёр жилийн дараа нуур дахин сэргэнэ хэмээн итгэж найдан, хүлээж суугаа талаараа ярьсан байна. Сүүлийн 3 жилийн дотор нуурын эргийн Унтави тосгоны 100 орчим гэр бүл эд хогшил, мал амьтнаа зарж борлуулан, аж ахуйгаа хаян, тосгоныг орхин явцгаасан байна. Поопо нуурын хувьд өмнө нь буюу 1940-өөд оны үед мөн ууршин алга болж байсан ч эргэн сэргэсэн байна.
Харин энэ удаад дахин сэргэхгүй байх магадлал өндөр байгаа хэмээн эрдэмтэд хэлсэн байна. Латин Америкийн бүс нутагт үргэлжилж байгаа Эл Ниньо хэмээх цаг уурын үзэгдэл нуур ууршин алга болох гол шалтгаан болсон гэжээ. Мөн уул уурхайн үйл ажиллагаа болон хөдөө аж ахуйгаас үүдэн голын ус татрах болсон хэмээн эрх баригчид тайлбарласан байна.
/UBS.MN/
Сэтгэгдэл (2)