Дэлхийн Католик сүм хийдийн төв болсон Италийн Ром хот дахь Гэгээн Петрийн талбайд орон гэргүй эмэгтэй картонон цаасан дээр амаржсан хэрэг гарчээ. Ватиканд эргүүлд гарч байсан цагдаа нар бяцхан охиноо эсэн мэнд өлгийдөж авсан орон гэргүй эмэгтэйд тусалсан байна.
Орон нутгийн цагаар лхагва гаригийн шөнө цагдаа нар эргүүл хийж байсан байна. Гэнэт нэгэн эрэгтэй эхнэр нь амаржиж байгаа тул тусламж гуйж иржээ. Цагдаа нарыг очиход 37 настай Румын эмэгтэй аль хэдийн амаржсан ч охиныхоо хүйг тасдаагүй байсан байна. Цагдаагийн офицер дүрэмт хувцсаа тайлж охиныг өлгийдөн авчээ.
Ром хот шөнөдөө Цельсийн 2 хэмийн дулаан хоносон байна. Үүр цайхын өмнө нярай даарснаасаа болоод амь нас нь эрсдэж магадгүй байжээ. Эсэн мэнд амаржсан эмэгтэй Ромын папын олон нийтэд хандаж номлол айлддаг Гэгээн Петрийн талбайн нэг үзүүрт картонон цаасан дээр хэвтсэн байдалтай байжээ. Түргэн тусламжийн машин эх охин хоёрыг эмнэлэг рүү авч явсан байна. Ватикан тэднийг жилийн хугацаанд өөрсдийн эзэмшлийн байшинд амьдруулахаар болжээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/