Молдав улсын хууль тогтоогчид олон сарын турш маргасны эцэст шинэ Засгийн газар бүрдүүлэхээр боллоо. Гэвч энэ шийдвэр нь сонгууль явуулахыг шаардаж байсан ард иргэдийн уур бухимдлыг төрүүлж эмх замбараагүй байдал үүсчээ. Парламентын ордны гадаа байсан жагсагчид цагдаагийн хамгаалалтыг сэтэлж, ордон руу дайрсан байна.
Парламентын хэлэлцүүлгийн үеэр олон мянган жагсагч сонгууль явуулахыг шаардаж байсан ч санал хураалтаар шинэ Засгийн газар бүрдүүлэхээр болсны дараа "санал хураалтыг зогсоо, хулгайчид" хэмээн хашгирч эхэлсэн юм. Цагдаа нар жагсагчдыг хүчээр тараахыг оролджээ.
Эрх баригчид дахин сонгууль явуулахаас зайлсхийж санал хураалтаар шинэ Засгийн газар бүрдүүлсэн юм. Энэ нь 4 сая хүн амтай Молдав улс жил хүрэхгүйн хугацаанд 3 дахь Ерөнхий сайдтайгаа танилцана гэсэн үг юм. Парламентад явуулсан санал хураалтаар чихрийн үйлдвэрийн менежер байж байгаад Технологийн сайд болсон Павель Филипийн Европын Холбоог дэмжигч нам ялжээ. Харин ОХУ-ын талыг баримтлагчид сөрөг хүчин болсон байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/