Вьетнамын Коммунист Намын Их Хуралд оролцож байгаа 1510 төлөөлөгчдийн саналаар тус улсыг дараагийн 5 жилийн хугацаанд удирдах Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, Үндэсний Ассамблейн тэргүүн, Коммунист Намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга болон үндэсний хэмжээний удирдагчийг сонгох юм. Ялангуяа Коммунист Намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга хэмээх энэхүү албан тушаал нилээд онцгой чухал байр суурийг эзлэх юм. Тэрээр Вьетнам улсын эрх баригч намыг тэргүүлэхээс гадна Улс Төрийн Товчоог гардан удирдах болно. Харин үндэсний удирдагчаар сонгогдсон эрхэм тус улсын эдийн засгийн шинэчлэлийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэн, хариуцан ажиллах юм. Вьетнам улс сүүлийн 10 жилийн хугацаанд эдийн засгийн шинэчлэл явуулж, гадны хөрөнгө оруулалтыг ихээр татан, олон улсын хөрөнгийн зах зээлд оролцсоноор нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээгээ 3 дахин нэмэгдүүлж чадсан юм. Вьетнам улсын гадаад худалдааны хамгийн том хамтрагч болох БНХАУ-тай харилцах цаашдын харилцааг мөн удахгүй сонгогдох үндэсний удирдагч тодорхойлох болно.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (1)