Латин Америкийн улс орнуудад тархаж эхлээд байгаа зика вирусын 4 тохиолдол илэрсэн талаар Болив улсын Эрүүл Мэндийн Яамнаас албан ёсоор мэдэгдээд байна. Эдгээрийн 3 нь хилийн чанадаас дамжин орж ирсэн бол нэг тохиолдол нь тус улсын Санта Круз хотоос үүдэлтэй болох нь тогтоогджээ.4 тохиолдлын нэг нь жирэмсэн эхэд илэрсэн тул одоогийн байдлаар тус улсад бүртгэгдээд байгаа нийт 700 орчим жирэмсэн эмэгтэйн биеийн байдлыг хянан, тандаж эхлээд байгаа юм. Эмч нар болон эрдэмтэд халуун хумхаа өвчинтэй төстэй зика вирусын халдвар болон сүүлийн үед жижиг толгойтой хүүхэд ихээр төрж байгаа явдал нь хоорондоо холбоотой хэмээн таамаглаж байгаа энэхүү тандалт судалгааг эхлүүлсэн байна. Микросефали буюу толгой жижигрэх өвчинтэй төрж байгаа нярай нарын толгой нь хэвийн хэмжээнээс хэт жижиг бөгөөд тархи нь хөгжөөгүй байдаг ажээ. Ийм өвчинтэй ихэс тээж байгаа ихэнх эхчүүд зулбадаг байна. Микросефали өвчтэй нярай хүүхдүүд төрөх үеэр болон төрсний дараа үхэх тохиолдол ч олон байдаг бөгөөд амьдарсан тохиолдолд хөгжлийн гэх мэт эрүүл мэндийн олон шалтгаанаар зовж, шаналдаг байна.
АНУ-ын Халдварт өвчин судлалын хяналт болон урьдчилан сэргийлэх төвүүдээс өнгөрсөн долоо хоногт жирэмсэн эхчүүдийг Зика вирусын халдвар тархаад байгаа Бразил гэх мэт Латин Америкийн нилээд хэдэн улсууд руу аяллаар явахаас аль болох татгалзахыг зөвлөсөн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/