Исламын улс бүлэглэлийнхэн хамгийн их хүчээ авч, зэвсэгт мөргөлдөөн гараад байгаа улсуудын нэг нь Ирак юм. Тэгвэл НҮБ-ын тооцоолсноор Ирак улсад 2014-2015 оны хооронд 19,000 гэм зэмгүй иргэн амь насаа алдсан байна.
Энэ дүн мэдээнд НҮБ 2014 оны 1 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сар хүртэл хугацааг хамруулсан байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ээлжит хуралдаанаараа Исламын улс бүлэглэл Ирак, Сирийн газар нутгийг хүч түрэмгийлэн эзлэн аваад байгаа энэ үед энгийн номхон ард иргэдийг зэвсэгт мөргөлдөөнөөс хэрхэн хамгаалах талаар хэлэлцсэн юм.
Мөн дээр дурдсан хугацаанд 36,245 иргэн зэвсэгт мөргөлдөөний хөлд үрэгдэж гэмтэж шархадсан байна. НҮБ-ын судалгааны газарт мэдэгдэж буй тоо баримт энэ болохоос биш бодит байдал дээр үүнээс ч олон хүн амь нас, бие сэтгэлээрээ хохирсон гэж үзэж байгаа юм.
Ирак улсад амиа алдсан 19,000 энгийн иргэний тэн хагас нь Багдадын оршин суугчид байна. Иракаас гадна Сири улсын Мадаяа тосгонд нөхцөл байдал тун хүнд байгаа талаар Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр онцлон тэмдэглэсэн юм. Мадаяагаас гадна босогчдын хяналтанд байгаа Фуа, Кафарья суурингуудад ч байдал ижил байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/