Исламын улс бүлэглэлийн зэвсэгт дайчдын дунд гадны улс орнуудаас орж элссэн хүмүүс цөөнгүй хувийг эзэлдэг. Тэдэн дундаас Жихади Жон нэрээрээ алдаршсан жихадист амиа алдсан болохыг баталлаа.
Исламын улс бүлэглэлийн эсрэг өрнөдийн улс орнуудаас гадна Исламын шашинтай Ойрхи Дорнодын улс орнууд ч нэгдэж тэмцээд байгаа юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард явуулсан агаарын дайралтын үеэр Жихади Жоныг амиа алдсан гэж мэдээллэж байсан ч баттай эх сурвалжийн мэдээ байгаагүй. Тэгвэл Исламын улс бүлэглэлийн суртал ухуулгыг олон нийтэд тараан дамжуулдаг сэтгүүл дээр Британи гаралтай жихадист Жон амиа алдсан гэдгийг батлан тэмдэглэсэн байна.
Дабик цахим сэтгүүлд Жихади Жон буюу жинхэнэ нэр нь Мохаммед Эмвазид зориулсан эмгэнэл нийтэлжээ. АНУ-ын армийн Раккагийн орчимд явуулсан агаарын цохилтонд амиа алдсан нь баттай болсон байна. Эмвази нь Их Британий тусламжийн ажилтан Дэвид Хайнес болон таксины жолооч Алан Хэннинг нарыг шууд цаазлан амь насыг нь бүрэлгэсэн бичлэг олон нийтэд хүрсэн юм. Үүнээс ч өмнө 2014 оны 8 дугаар сард АНУ-ын сэтгүүлч Жэймс Фолейн амь насыг хороож буй амны хаалттай бичлэгээ илгээж байжээ.
Жихади Жон Лондон хотод өсч компьютерын программист мэргэжлээр суралцаж төгссөн байна. АНУ, Их Британий тагнуулын албаныхан түүнийг Исламын улс бүлэгт онцгой чухал байр суурь эзэлдэг гэж үзэн тагнан мөрдөөд байсан юм.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (1)