Долоо хоногийн дараа Швейцарийн Женев хотод Сирид энхийг сахиулах олон улсын уулзалт хэлэлцээр болох гэж байна. Энэ уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Катар улсын Эмир манай хойд хөрш ОХУ-д айлчиллаа.ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Катар улсын Эмир Тамим бин Хамад Аль Таниг Кремлийн ордонд хүлээн авч уулзлаа. Ойрхи Дорнодын бүс нутагт амар амгаланг авчрахад Катар улс чухал байр суурьтай гэдгийг Ерөнхийлөгч В.Путин онцолсон юм.Тэрээр "Бид эрчим хүч, тэр дундаа хийн наймаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллаж, харилцан уялдаа шүтэлцээтэй байх хэрэгтэй. Мэдээж хэрэг бүс нутгийн байдал чухал юм. Катар бол Арабын хойг төдийгүй Ойрхи Дорнодод чухал байр суурь эзэлдэг орон. Та бүхэнтэй санал сэтгэгдлээ солилцож хүндрэл бэрхшээлтэй асуудлуудаа шийдэхдээ таатай байна" гэжээ.Харин Катарын Эмир Тамим бин Хамад Аль Тани "Бид Ойрхи Дорнодод үүссэн нөхцөл байдал, ойрын үеийн хөгжил дэвшил, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх болно. Өнөөдөр Орос улс дэлхийн тогтвортой байдалд шийдвэрлэх чухал үүрэг гүйцэтгэж байна. Бид танай улстай харилцаа холбоогоо хөгжүүлж, бүс нутгийн улс орнуудад тулгамдсан саад бэрхшээлийг даван туулах хүсэлтэй байгаа юм" гэлээ.
Сири улсад 5 жил үргэлжилсэн иргэний дайны он жилүүдэд ОХУ Ерөнхийлөгч Башар Аль Ассадыг дэмжиж ирсэн бол Катар улс өрнөдийн орнуудтай санаа нэг байгаа юм. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Катарын Гадаад хэргийн сайд Халид бин Мохамед аль Аттияатай хийсэн хэвлэлийн хурал дээр ирэх 7 хоногт болох уулзалтын үеэр Сирид энхийг сахиулах саналыг дэмжнэ гэжээ. Харин Катар улсын Гадаад хэргийн сайд Сирийн хямралыг шийдэхийн тулд улс төрийн хүрээнд харилцан зөвшилцөх хэрэгтэй гэсэн байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/