Холливуд болон гадаадын бүрэн хэмжээний киног интернэтээр дамжуулан үзүүлдэг АНУ-ын “Netflix” компанийн үйлчилгээ Монголын үзэгчдийн хүртээл болж байгаа тухай таатай мэдээг тус компанийн захирал Рид Хастингс АНУ-ын Лас Вегас хотод жил бүр зохион байгуулагддаг дэлхийн хамгийн том технологийн шоу болох “CES 2016”-ийн үеэр зарлалаа. Netflix–ийн кино сангийн үйлчилгээг шинэ хэрэглэгч эхний сар үнэ төлбөргүй үзэх бөгөөд дараа сараас нь эхлээд сарын 7.99 доллар буюу 16 мянга орчим төгрөгийг төлөх юм. Ердийн HD-ээс гадна хамгийн сүүлийн үеийн 4К нягтралтай кинонуудыг Монголын хэрэглэгчид маань өөрсдийн ухаалаг утас, таблет, компьютер, смарт ТВ зэрэг бүхий л төхөөрөмж дээр үзэх боломжтой боллоо. Марко Поло, Breaking Bad, Найзууд гээд Монголчуудын дуртай цувралуудаас гадна Уолт Дисней, Сони Пикчерз, Уорнер Бразерс зэрэг дэлхийн хамгийн том кино студиудын бүтээлүүд үзэгчдийн хүртээл болж байна.
Кино сангийн үйлчилгээтэй Юнивишн, Скаймедиа нарын хувьд нэг киног 1500-5000 төгрөгөөр үзүүлдэг. Харин Netfliх -ийг бүтэн сарын туршид 3-4 киноны үнээр дэлхийн олон зуун мянган шилдэг кино, телевизийн цувралууд, баримтат кино, хүүхэлдэйн киног 2 төхөөрөмж дээр нэгэн зэрэг (өөрөөр хэлбэл, хүүхэд тань хүүхэлдэйн цувралаа ipad -аараа үзэж байхад, та өөрийн дуртай киногоо зурагтаараа нөгөө өрөөндөө үзнэ гэсэн үг) үзэх боломжтой нь Монголчууд, кино сонирхогч хэрэглэгчдийн таашаалд ихэд нийцэж, дээрхи компаниудын дарамт, их мөнгө төлөлтийг хөнгөлсөн сайн үйл явдал боллоо гэж үзэж байна. Хэрэглэгчийн хувьд энэ нь зөвхөн алдарт Холливуд төдийгүй, бие даасан уран бүтээлчдийн сонирхолтой кинонуудыг эх хэл дээр нь мөн үзэх сайхан боломжийг нээж байна. Монголчууд минь гайхамшигт кино ертөнцөд тавтай морилно уу.
Бас нэг онцлог нь сериал кинонуудын бүх анги нь нэгэн зэрэг цацагддагт оршино. Бусад кинонууд шиг долоо хоног өдрийн бодол, шөнийн зүүд болж хүлээх шаардлагагүй гэсэн үг. Тийм учраас өөрийн тааваар, өөрийн цаг завдаа тохируулан кинонуудаа үзэх боломжтой.
Мөн кинонууд нь дэлхийн 4 хэл дээр хүлээн авч үзэх боломжтойгоороо давуу талтай юм. Юнивишн, Скаймедиа компанийг сонгон хэрэглэж буй хэрэглэгчид “кино сан” гэх хоцрогдсон зүйлээс салах цаг нь аль хэдийнээ болжээ. Мөн тухайн сайтын кинонуудыг ямар ч гацалтгүйгээр Full HD- ээр хүлээн авч үзнэ гэсэн үг юм.
Скаймедиа болон Юнивишн компаниудын кино сангаас кино үзэхэд, кабель тасрах, гацах, дүрсний хувьд HD биш учир гаралтын хувьд муу гэх мэт шалтгаануудаас болж өөрийн үзэж буй кинонуудаа бүрэн гүйцэд үзэж чаддагүй. Хамгийн сонирхолтой нь дээрх шалтгаануудаас болоод киногоо үзэж чадаагүй байхад төлбөр нь үзсэнээр нэмэгдэж гардаг.
Өнөөгийн ийм хямрал дагуулсан нийгэмд үйлчилгээний сарын хураамж төлнө дээрээс нь кино сан гэх зүйлд мөнгө нэмж төлж байснаас дээрх сайтын кинонуудыг сонгон хэрэглэснээр кино гайхамшигийг үзэх боломжтой юм.