Хар ус нууранд хоёр жилд нэг удаа болдог “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярыг ирэх хоёрдугаар сарын 20-21-нд хийхээр болжээ. Байгаль дэлхий, амьтан, ургамлаа хайрлан хамгаалж, үндэсний ёс зан заншлаа сэргээн, өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор Ховд аймгийн ЗДТГ-аас зохион байгуулдаг уг арга хэмжээг энэ удаа “Эх дэлхийгээ хамгаалъя” уриан дор явуулна. Мөсний баярт Ховд аймгийн 17 сум, Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд тус бүр 30-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм байна. Баярын үеэр тэмээний уралдаан, бүх нийтийн гүйлт, олс татах тэмцээн болохоос гадна сайхан тэмээтэй хос шалгаруулна. Мөн аймгийнхаа шагай, тэшүүр, мөсний сурын аваргыг тодруулах юм. Энд очсон жуулчдад морин болон энгийн чарга, тэшүүр, морь, тэмээгээр үйлчлэх нь.