Өнгөрсөн онд цөмийн зэвсэг бүхий 5 улс мөн Европын холбоо Ирантай цөмийн хөтөлбөрийн асуудлаар зөвшилцөлд хүрч улмаар гэрээг амжилттай байгуулсан билээ. Урт удаан настай энэ гэрээний үрээр Ираны эсрэг тавиад байсан хориг цуцлагдаж, Иран улс хилийн чанадад царцаад байсан өөрийн мэдлийн хөрөнгөө эргэлдүүлэх, эдийн засгаа хөгжүүлэх боломжтой болж байна. Тус улсын төрийн тэргүүн энэ үйл явдалд тун баяртай байгаа хэдий ч хэд хэдэн эрсдэл байсаар байгааг санууллаа. Ерөнхийлөгч Хассан Роухани "Гэрээ хэлэлцээ байгуулахад аль нэг тал ашиг сонирхлоо тулган хүлээлгээгүй. Гэхдээ Ираны ард түмэн хожсон гэдэгт итгэлтэй байна. Тиймээс ч хүн бүр баяртай байна. Харин зионистууд л энэ удаагийн хэлцэлд шүүмжлэлтэй хандаж байна. Тэд шашны бүлгүүдийг өдөөн хатгаж тун магадгүй байгаа юм. Цөмийн хөтөлбөрийн талаархи гэрээ хэлэлцээ манай улсын түүхэнд цоо шинэ хуудас нээсэн юм шүү. Дэлхийн их гүрнүүд эрчим хүч гарган авах зорилготой манай цөмийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрсөн" гэжээ.
Хассан Роухани зионистуудыг цөмийн хөтөлбөрийн талаарх гэрээ хэлэлцээнд шүүмжлэлтэй хандаж байгаа гэдгийг хэлээд энэ нь тодорхой эрсдлийг авчирч магадгүй гэсэн байр суурийг илэрхийллээ. Хилийн чанадад түгжигдээд байсан 30 тэрбум ам.долларын хөрөнгөө хөдөлгөх боломжтой болсны дээр эрчим хүч гарган авах зориулалтаар цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байх нь асар том ололт гэдгийг Ираны төрийн тэргүүн хэлж байгаа юм. Тиймээс ч энэ удаагийн гэрээ хэлцлийн үр дүнд огтхон ч эргэлзэх хэрэггүй гэсэн үзэл хандлагыг баримталж байна.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/