Баруун Африкийн далайд гарцгүй Буркино Фасо улсад баасан гаригийн шөнө эхэлсэн Исламын хэт даврагсдын халдлагын дараа 3 хоногийн турш гашуудал зарлаад байна. Өнөөдрийн байдлаар тус улсын аюулгүйн хүчин халдлага гарсан газрын эргэн тойрон дахь байшин барилгуудыг бүрэн самнаж, аюулгүй байдлыг хангаад байгаа юм.
Тус улсын нийслэл Уагадугу хотын Сплендид зочид буудал болон ойролцоох Каппучино кафед болсон халдлагын улмаас 28 хүн амиа алдаж, 60 орчим хүн гэмтэж шархадсан байна. Исламын Магребын Аль Кайда бүлгийнхэн гадны аялагч жуулчид тогтмол үйлчлүүлдэг газруудад халдлага үйлдсэн учраас хохирогчдын дунд 18 өөр улсын иргэн байгаа юм. Тухайлбал Америк, Канад, Франц, Швейцарийн иргэд байна.
Зэвсэглэсэн этгээдүүд 170 гаруй иргэнийг барьцаалсан ч Францын цэргийн тусламжтайгаар барьцааны иргэдийг суллажээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/