Өнгөрөгч 2015 онд олон улсын тавцанд болж өнгөрсөн чухал үйл явдлуудын нэг нь яах аргагүй Ираны цөмийн хөтөлбөрийн Р5+1 гэрээ хэлэлцээр амжилттай хэрэгжсэн явдал юм.
Энэ гэрээ хэлцэл амжилттай болсны дараахан буюу энэ амралтын өдрүүдэд Австрийн Вена хотод Европын Холбооны өндөр дээд хэмжээний төлөөлөгчид Иран улсын Гадаад хэргийн сайд Завад Жарифтай уулзлаа. Тэдний уулзалтын үр дүнд Ираны эсрэг тавьсан олон улсын эдийн засгийн хориг цуцлагдаад байна.
Европын Холбооны Гадаад бодлого хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Ираны эсрэг хориг арга хэмжээг дуусгавар болгосон баяртай мэдээг дуулгасан юм. Энэ нь Иран улс цөмийн зэвсэг хийх үйл явцаас сэргийлсэн чухал үйл явдал, нөгөө талаар Ираны эдийн засаг нийгмийг сэргээсэн таатай үйл явдал болж байна. Тодруулбал Иран улс олон тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж, олон улсын зах зээлд газрын тосоо борлуулах бүрэн боломж нээгдлээ. Ойрхи Дорнодын бүс нутгийн төдийгүй олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бүрдүүлж байна гэж Могерини хэлжээ.
Олон улсын зах зээлд нээлттэй өрсөлдөх боломжтой болсныхоо хариуд Иран улс олон тооны эргэлдүүрүүдийг багасгаж, Арак хотын ойролцоох хүнд усны реакторуудаа нураахаар болсон байна. Эдгээр эргэлдүүр реакторуудыг цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглах боломжтой гэж үздэг юм.
Иран улсын Ерөнхийлөгч Хассан Роуани Твиттер хуудсандаа "Бурханд талархаж, агуу их тэвчээртэй Иран улс үндэстнийхээ өмнө мэхийе" хэмээн жиргэсэн байна. Олон жил үргэлжилсэн Р5+1 гэрээ хэлэлцээр амжилттай хэрэгжиж байгаад дэлхийн улс орнуудын удирдагчдын зүгээс баярлаж талархснаа илэрхийлж байна.
Эх сурвалж: UBS.MN