Монголд 13 сая евротой ирээд сураггүй алга болсон гэх ХБНГУ-ын иргэн 60 настай Максимлян Лёонхард Клойбер өнгөрсөн 2015 оны дөрөвдүгээр сарын 17-нд нас барсан байдаг.
Уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх газар шалгаж байсан. Уг газар нь мэргэжлийн түвшний мөрдөн байцаагчидтай онц хүнд гэмт хэрэгт шалгалтын ажиллагаа явуулдаг газар гэдгийг бид өмнө нь онцолж байсан билээ.
Урт удаан хугацааны турш сураггүй, мөн Интерполоор хайж байсан иргэн гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдвол хэрэг шал өөрөөр эргэж болзошгүй юм. Харин золгүй байдлаар амиа алдсан нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйл ангиар хэрэг үүсэж шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болох магадлалтай байгааг бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Уг хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнийг шалгаж байгаа бөгөөд хамтран амьдарч байсан гэх Ё.Гантуяаг нь цагдан хориод байсан. Максимлян Лёонхард Клойберийг сураггүй болохтой давхацан Ё.Гантуяаг өнгөрсөн 2012 оны аравдугаар сард мөн цагдан хорьж байсан гэдэг. Харин жил гаруй шалгасны эцэст 2013 оны сүүлчээр батлан даалтад гаргаад байсан ийн түүний үхлээс болж дахин шалгагдаж эхэлсэн юм.
Ё.Гантуяагийн хувьд Максимлян Лёонхард Клойберийн тухай хүмүүс мэддэг болсоноос хойш түүнтэй нэр холбогдсоор ирсэн. Гадны хэвлэлүүд ч түүнийг Герман эртэй холбон бичиж байсан юм.
Хамгийн сонирхолтой нь талийгаач нас барахдаа түүний төрсөн дүүгийнд байсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн бол Максимлян Лёонхард Клойберийн нас барсан хэрэгт Ё.Гантуяа гэгчийн гэр бүл тэр чигээрээ шалгагдаж байгаа бололтой.
Монголд их хэмжээний мөнгөтэй ирсэн гэх Максимлян Лёонхард Клойберийн хэрэг сүүлийн үед намжаад байгаа. Түүний хэрэгт маш олон зүйл тодорхойгүй байгаа билээ.
Адаглаад түүнийг үнэхээр Монголд ч эрэн сурвалжилж байсан бол энэ урт хугацаанд Монголын цагдаа нар яагаад олж чадаагүй, олж чадсан байлаа ч мөрдөн байцаалтыг явуулж байсан уу гээд олон асуудал гарч ирж байгаа юм.
Цаашлаад их мөнгөтэй ирсэн гэж, тэр мөнгөтэй нь холбогдуулж бусдыг хүртэл шалгаад байсаны шалтгаан зэрэг олон асуудлууд гарч ирж байна.
Хамгийн сонирхолтой нь уг хэрэгт Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйл ангид зааснаар эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа юм. Ё.Гантуяад л гэхэд Эрүүгийн хуулийн 91, 148 гэсэн хоёр зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байжээ.
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар М.Л.Клойбер нас барах үедээ удаан хугацаанд хэвтэрт байсан шинжтэй бие нь цоорч, дусал тариа хэрэглэж байсан байж магадгүй шинж тэмгүүдтэй байжээ.
Мөн Ё.Гантуяа түүнд дусал тариа хийж буй бичлэг ч уг хэрэгт баримт болгон тусгагджээ.
Д.Дуулим