Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах challenge хөдөлгөөн фэйсбүүк хуудсанд идэвхтэй өрнөж байхтай зэрэгцэн дотоодын үйлдвэрлэлийг төрийн худалдан авалтаар дэмжих асуудлаар салбарынхан ярилцав. Тодруулбал, Аж үйлдвэрийн яам (АҮЯ)-наас төрийн худалдан авалтыг эрчимжүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих зорилго бүхий “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үйлдвэрлэгчдийн зөвөлгөөн”-ийг өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа. Уг зөвөлгөөний онцлог нь юу байсан, зорилго нь хаашаа чиглэгдсэн болон гарах үр дүн нь ямар байх зэргийг 24 баримтаар хүргэж байна. Мөн уг арга хэмжээний үеэр Аж үйлдвэрийн салбарын тэргүүн дээд шагналыг дотоодын үйлдвэр эрхлэгч шилдэг 9 байгууллагад гардуулсан юм.
Баримт 1. Дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг анх удаа төртэй шууд холбож өгсөн нь уг арга хэмжээний гол онцлог байлаа. Тухайлбал, Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, НЗДТГ, Эрдэнэт үйлдвэр нь зөвхөн дотоодын бараа, бүтээгдэхүүнээ худалдан авахаар болж уг асуудлаар Аж, үйлдвэрийн яамтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулав.
Баримт 2. Тус арга хэмжээний үеэр төрийн байгууллагынхан болон дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн явуулж буй бодлого үйл ажиллагаа, тулгамдсан асуудал зэргээрээ харилцан, ярилцаж санал зөвлөлдсөн нь мөн уг арга хэмжээний онцлог байлаа.
Баримт 3. Уг арга хэмжээнд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн байгууллагууд, ТӨУҮГазрууд, улсын төсөв, хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч байгууллагууд, Үндэсний үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод, худалдааны байгууллагын төлөөлөл зэрэг 250 хүн оролцлоо.
Баримт 4. Нийслэлийнхэн зөвхөн дотоосоо худалдан авалт хийхээр болж байгааг Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэ үеэр дурдлаа.
Баримт 5. Эрдэнэт үйлдвэртэй ч мөн хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан бөгөөд тус үйлдвэр нь үйлдвэрлэлийг дэмжиж, бараа, бүтээгдэхүүний худалдан авалтыг дотоодын үйлдвэрүүдээс сонгохоор болж байна.
Баримт 6. Батлан хамгаалахын яам дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж Монголд үйлдвэрлэсэн 3.3 тэрбум төгрөгийн нормын хувцас, 1 тэрбум төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 426,4 сая төгрөгийн эм, 463,9 сая төгрөгийн барилгын материал тус, тус худалдан авсан байна.
Баримт 7. Засгийн газраас төрийн худалдан авах 12 бүлгийн 101 бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан байдаг. Батлан хамгаалах салбар эдгээрээс 65 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг жил бүр худалдан авдаг талаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэллээ.
Баримт 8. Боловсролын яам ч мөн дотоодын үйлдвэрлэлээс худалдан авалт хийхээр болсон талаар БСШУ-ны сайд Л.Гантөмөр уг хэмжээний үеэр хэллээ. Тэрбээр “Бид Монголд үйлдвэрлэсэн форумыг сурагчдадаа өмсүүлж байгаа. Харин цаашид ширээ сандал, тоног төхөөрөмжийг ч дотоодоосоо авахаар болж санамж бичиг байгууллаа” хэмээв.
Баримт 9. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг зөвөлгөөнд оролцож үг хэлсэн юм. Тэрбээр “Аж үйлдвэрийн яам, энэ бүтцийг цаашдаа ч хадгалах хэрэгтэй. Ер нь энэ яамны нэр, үйл ажиллагааг цаашдаа дараагийн Засгийн газарт хадгалахын тулд Эдийн засаг, аж үйлдвэр, худалдааны яам гэж нэгдсэн бодлогыг нь нийлүүлэх хэрэгтэй" гэдгийг хэлсэн.
Баримт 10. Мөн тэрбээр "манай үйлдвэрлэгчид, хувийн хэвшил гээд нийгмийн бүхэл бүтэн хэсэг гараад ирсэн. Тэд нийгмийн баялгийн 70-80 хувийг бүтээдэг. Энэ бол өнгөрсөн 25 жилд Монголд олсон хамгийн чухал ололт гэж хувьдаа боддог. Энэ ололтын манаанд уг нь төр зогсож байх ёстой. Энэ ололтоо үргэлжлүүлэхийн төлөө л үнэт зүйлтэй байх ёстой".
Баримт 11. Аливаа улс төр хийж байгаа, төрийн бодлого хийж байгаа хүн “Би амь насаа тавьсан ч зөрж болохгүй, алдаж болохгүй, худалдаж болохгүй үнэт зүйлс гэж байдаг юм” гээд түүнийгээ тоолж явах ёстой. Санхүүгийн харилцаа, үйлдвэрлэлийн харилцаа бол итгэлцэл.
Баримт 12. Ц.Элбэгдорж: Үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийн манаанд төр зогсож байх ёстой.
Баримт 13. Үйлдвэржилт бол зөвхөн ажлын байр нэмэгдүүлэх ойлголт бус эд баялагаа эдийн засгийн эргэлтэд оруулах, нийтээрээ хөдөлмөрлөж бүтээх, хэрэглэх, экспортлох эх орны хөгжлийн түлхүүр ойлголт юм.
Баримт 14. Аж үйлдвэрийн салбарын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 2.3 тэрбум ам.доллар буюу 4.6 их наяд төгрөгийн 4 төсөл хэрэгжиж, үндэсний хөрөнгө оруулагчдын оруулсан бодит хөрөнгө оруулалт 963.1 сая ам.доллар буюу 1.9 их наяд хүрсэн байна.
Баримт 15. Одоогоор үндэсний үйлдвэрлэгчид нийт 6.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэж байгаа нь манай улсын төсөвтэй дүйцэж байгаа том тоо мөн.
Баримт 16. Энэ онд цементийн импорт 46 хувь буюу 42 сая ам.доллараар буурсан. Зөгийн балны импорт 16 хувь буюу 233 мян.ам.доллараар буурсан. Зөвхөн цемент, үхрийн мах, зөгийн балд тогтоосон импортын тарифын зохицуулалтад дүн шинжилгээ хийхэд 82.5 тэрбум төгрөгийн гадагш урсгалыг зогсоож, 3.2 тэрбум төгрөгийг эдийн засагт оруулсан байна.
Баримт 17. Бид 2015-2030 оны богино, дунд, урт хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулан УИХ-аар батлуулсан.
Баримт 18. Бодлогын эхний үе шат буюу 2015-2020 онд үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж, түүхий эдийг дотооддоо боловсруулж, техник, технологийг нутагшуулан экспортыг дэмжих, импортыг орлох аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилгоор “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги” хөтөлбөрийг Засгийн газрын түвшинд хэлэлцүүлэн батлуулж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байна.
Баримт 19. Энэ оныг дотоодын үйлдвэрлэл, худалдан авалтыг дэмжих жил болгон зарлаж байна. Төр бол Монгол Улсын хамгийн том худалдан авагчийн нэг.
Баримт 20. Анх удаа аж үйлдвэрийн салбарын тэргүүн дээд шагналыг дотоодын үйлдвэр эрхлэгч шилдэг 9 байгууллагад гардууллаа.
Баримт 21. “Эрдэнэт хивс” ХХК, “Денимон” ХХК, “Натурал эссеншлс” ХХК, “Дархан нэхий” ХК, “Долоон болдог” ХХК, “Экологбус” ХХК, “Сонгинохангай” ХХК, “Говь” ХК, “Хөтөлийн “Цемент-Шохой” ХК зэрэг компаниуд аж үйлдвэрийн тэргүүн дээд шагналын анхны эзэд болов.
Баримт 22. Дархан нэхий ХХК компанийн ТУЗ-ийн дарга А.Сүмбэнхүү: Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын бодлогын хүрээнд манай компани зээл авч тоног төхөөрөмжөө боловсронгуй болгосон. Өнөөдрийн байдлаар бүтээгдэхүүнийхээ 50 хувийг Итали, Казахстан, Хятад, Орос, Тайвань, Голланд гэх мэт улс руу гаргаж байна.
Баримт 23. Хөтөлийн "Цемент-Шохой" ХК-ийн гүйцэтгэх захирал С.Уранчимэг: Засгийн газрын дэмжлэгтэйгээр хуурай аргын үйлдвэрээ байгуулсан. Энэ үйлдвэр сүүлийн хоёр жилийн амжилтыг тогтооход ихээхэн хувь нэмэр оруулсан.
Баримт 24. Эксклюзив компанийн захирал Г.Майцэцэг: Өнөөдөр монголчууд харьцангуй сайн үйлдвэрлэж чаддаг болсон байна. Тэгэхээр бид зөвхөн Монголынхоо зах зээлд биш хоёр том хөршийнхөө зах зээл рүү гарахыг хүсч байна. Үүнд төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа юм. “Монголд бид үйлдвэрлэв” ТББ 10000 ширхэг ноолууран цамцыг Хятадын Гуанжоу хотын томоохон сүлжээ дэлгүүрт нийлүүлэх гэрээг маргааш хийнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (5)