Манай хойд хөрш ОХУ-ын эдийн засгийн гол тулгуур нь газрын тос, хий юм. Гэтэл лхагва гаригт дэлхийн газрын тосны зах зээл дээр Оросын түүхий нефтийн үнэ 12 жилийн хугацаанд анх удаа нэг баррель нь 30 доллараас буурсан байна. Тодруулбал Оросын түүхийн нефт 29,96 долларт хүрсэн боловч тодорхой хугацааны дараа эргэн өсч 30,22 доллар болж эргэн сэргэсэн байна.
2004 оны 4 дүгээр сараас хойш анх удаа дэлхийн зах зээл дээр Оросын газрын тосны үнэ 30 доллараас доош үнэд хүрсэн юм. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн хэлж байгаагаар газрын тосны үнэ цаашид унасаар байвал эдийн засгийн маш хүнд үе тохиолдоно, тиймээс бэлтэлтэй байх хэрэгтэй гэжээ. Ажиглагчдын харж байгаагаар Орос улс 1998 онд тохиож байсан шиг хямралын үед тулж очихгүй ч байдал тийм ч сайнгүй байгааг анхааруулж байгаа юм.
Газрын тос, рублийн ханш огцом буурсаар байгаа ч амьдрах өртөг зардал нэмэгдсээр байна. Энэ байдлаараа 2016 оны Холбооны төсвийг бүрдүүлж чадах нь эсэх нь эргэлзээтэй болох юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард баталсан 2016 оны төсөвт газрын тосны үнийг нэг баррель нь 50 доллараар тооцож тусгажээ.
Сүүлийн жил 3 сарын дотор манай хойд хөршийн түүхий нефтийн үнэ олон улсын зах зээлд 70 хувиар буурсан байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (7)