Өчигдөр Индонези улсын нийслэл Жакарта хотод хэд хэдэн удаа бөмбөг дэлбэрч, ширүүн буудалцаан болж өнгөрсөн билээ. Халдлагын улмаас 7 хүн амь үрэгдсэн. Өнөөдрийн байдлаар цагдаа нар гэмт халдлага үйлдсэн этгээдүүдийг мөрдөн шалгаж, нэгжлэг явуулж байна. Халдлага үйлдсэн сэжигтний гэрээс Исламын улс зэвсэгт бүлэглэлийн туг далбаа олжээ.
Өчигдөр ширүүн мөргөлдөөний үеэр амиа алдсан 7 хүний 5 нь гэмт халдлага үйлдсэн этгээдүүд, 2 нь гэм зэмгүй иргэд байсан юм. Пүрэв гаригийн халдлагыг Исламын улс зэвсэгт бүлэглэл үйлдсэн гэдгээ мэдэгдээд байгаа бол цагдаа нар мөрдлөг шалгалтын үеэр халдлагад гар бие оролцсон этгээдүүдийн нэгнийх нь гэрээс эд мөрийн баримт олсон байна.
Жакарта хотын цагдаагийн газар террорист халдлагад холбоотой 3 этгээдийг баривчлан саатуулаад байгаа юм. Хэдийгээр өчигдөр хотын хөл хөдөлгөөн ихтэй төв гудамжуудад халдлага гарсан ч баасан гаригийн өглөө замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. 20 гаруй хүн гэмтэж шархадсан бөгөөд шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлээд байгаа юм.
Индонези улсын Ерөнхийлөгч Жоко Видодо халдлага гарсан газарт зочилж, өчигдрийн үйл явдал яах аргагүй террорист үйл ажиллагаа байсан гэдгийг хэлсэн юм. АНУ-ын тагнуулын алба ч мөн Твиттер хуудсаар илгээсэн ИУ бүлэглэлийн илгээмжийг бодитой гэж үзэж байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/