Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол Бөхийн өргөөнд болсон.
Уг барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Ч.Санжаадамба, Т.Санчир, М.Өсөхбаяр, улсын харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Б.Пүрэвсайхан нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосон юм.
Энэ удаагийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь найм даван түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Б.Пүрэвсайхан нар үлдсэн юм.