Мягмар гаригийн өглөө Турк улсын Истанбул хотын гудамжинд амиа золиослогч бөмбөг дэлбэлж багаар бодоход 10 хүн амиа алдаад байгаа юм. Турк улсын Засгийн газар уг халдлагын цаана Исламын улс зэвсэгт бүлэглэл байгааг баталлаа. Ерөнхий сайд Ахмет Давутоглу "Халдлага үйлдсэн этгээд гадаадын харьяат төдийгүй Исламын улс зэвсэгт бүлэглэлийн гишүүн гэдгийг бид олж тогтоогоод байна. Исламын улс бүлэглэлийн эсрэг тулаанаа үргэлжлүүлэхээ дахин мэдэгдэхийг хүсч байна" гэлээ.
Ахмет Давутоглу мягмар гаригийн өглөө гарсан халдлагын дараа аюулгүйн албаны шуурхай хуралдаан зарласан юм. Амиа золиослогч этгээд Сири улсад 1988 онд төрсөн гэж мэдэгдэж байсан ч зарим эх сурвалжууд гэмт этгээд Саудын Араб улсын иргэншилтэй байсан талаар мэдээлжээ.
Истанбул хотын Султанахмет дүүрэгт болсон амиа золиослогчийн халдлагын үеэр Герман улсын 8 жуулчин амиа алдаад байна. 15 хүн гэмтэж шархадсаны дунд ч мөн Германы жуулчид байгаа юм. Канцлер Ангела Меркель хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Турк улс террорристуудын эсрэг байдаг хүчээрээ тэмцэж байгааг хэлсэн байна. Халдлага болсон газарт аюулгүй байдлыг хамгаалсан учир өнгөрсөн шөнө ойролцоох дэлгүүр, зоогийн газрууд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлжээ.
Турк улс дахь аялагч жуулчдын тоогоороо Герман улс тэргүүлдэг байна. Нийт аялагч жуулчдын 21,5 хувь буюу 5,1 сая нь Германчууд байдаг бол ОХУ-ын жуулчид 2 дугаарт ордог юм байна. 3,7 сая жуулчин буюу 15,6 хувийг эзэлдэг ажээ. Харин 3 дугаарт Их Британий жуулчид байдаг байна. 1,5 сая Их Британий иргэн Турк улсад аялж байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (1)