АНУ-ын төрийн тэргүүн Конгресст хандан мэдэгдэл хийлээ. Тэрээр "Исламын Улс" бүлэглэлийн эсрэг цэрэг арми, зэр зэвсгийн нэмэлт хүч ашиглах ёстой болохыг цохон тэмдэглэж, Конгресст уриалга гаргасан байна. Мөн Америкийн гадаад бодлого "Исламын Улс" болон "Аль Кайда" зэрэг зэвсэгт бүлэглэлүүдийн учируулж болох аюул заналыг тооцоолж, тэднийг байнга хяналтандаа байлгахад чиглэгдэх ёстой хэмээсэн юм. Тэрээр цааш нь "Жил гаруйн хугацаанд АНУ 60 гаруй орныг нэгтгэсэн цэргийн эвслийг тэргүүлж "Исламын улс" зэвсэгт бүлэглэлтэй тэмцэж байна. Ойролцоогоор 10,000 орчим удаа агаарын цохилт өгч, зэвсэгт бүлэглэлийн хөрөнгө санхүү, материаллаг бааз, зэр зэвсгийг үгүй хийхэд анхаарч байлаа. Энэ нь террорист бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсооход маш чухал нөлөөтэй байх юм" гэлээ.
АНУ-ын агаарын хүчин "Исламын Улс" бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгаа ч энэ нь Конгрессын зөвшөөрөлгүй харин АНУ-ын төрийн тэргүүний бүрэн эрх дээр тулгуурлаж байгаа юм. Харин Конгресс шийдвэр гаргаж, цэргийн хүч ашиглахаар болбол агаараар болон хуурай замаар хүчирхэг зэр зэвсэг ашиглан урт хугацааны цэргийн ажиллагааг явуулах боломжтой болно.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/