Олон жилийн турш иргэний дайны хөлд нэрвэгдээд байгаа Сири улсын зарим тосгонуудад өлсгөлөн газар авсаар байна. НҮБ-ын эдгээр тосгонуудын нэг Мадаяад хүнс тэжээлийн тусламж хүргэхээр боллоо. Засгийн газрын цэргүүдийн мэдэлд байгаа тус тосгоны иргэд өлсөж үхэхгүйн тулд тэжээвэр амьтад болон өвс ногоогоор хооллож байна.
НҮБ-ын Хүнсний хөтөлбөр өнгөрсөн амралтын өдөр босогчдын хяналтанд байгаа жижиг хотын иргэдэд хүнс тэжээл, эм бэлдмэлийн тусламж хүргэх гэж байсан ч больсон байна. НҮБ-ын хоол хүнсний хөтөлбөр сард 1 удаа 30-40 мянган хүнд хүнс тэжээл, эм бэлдмэлийн тусламж хүргэх үүрэгтэй. Эдгээр тусламжийн бараа бүтээгдэхүүнийг Мадаяа тосгон руу энэ 7 хоногт илгээхээр бэлдэж байна.
Тус тосгон 30,000 оршин суугчтай, Сирийн баруун өмнөд нутагт Ливаны хилийн ойролцоо байдаг суурин юм. Өнгөрсөн оны зунаас хойш Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын цэргүүд хяналтаа тогтоогоод байна. Мадаяа суурингийн 250 гаруй оршин суугч өлсгөлөнгийн хүнд хэлбэрт шилжжээ. Тэдний 10-т нь нэн яаралтай эмнэлгийн тусламж хүргэхгүй бол амь насаа алдахад ойрхон байгаа юм байна.
Мадаяагаас гадна Засгийн газрын мэдэлд байгаа Кефраяа, Фоах тосгонуудад ч байдал ижил байна. Сири улсын 15 сууринд 400,000 иргэнд амь тусламж нэн шаардлагатай байгаа юм.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/