Хятадын удирдагчид болон эрх баригчдыг илт шүүмжилсэн ном хэвлэн гаргаж, борлуулдаг хэвлэлийн газрын сураггүй алга болоод байгаа таван эрэгтэйг дэмжсэн олон мянган хүний жагсаал ням гаригт Хонконгт явагдлаа.
Хонконгийн хэвлэлийн газрын эдгээр таван эрэгтэй сүүлийн гурван сарын хугацаанд нэг нэгээрээ сураггүй алга болсон бөгөөд тэднийг дэмжигчид эх газрын Хятадын эрх баригчид Хонконг дахь чөлөөт хэвлэлийн эрх чөлөөг шахан хавчиж эхэлж байна хэмээн сэжиглэж, энэхүү асуудалд анхаарлаа хандуулж эхлээд байна. Ням гаригт явагдсан жагсаал цуглааныг зохион байгуулагчид дээрх таван эрэгтэйг эх газрын Хятадын аюулгүй байдлын албаныханд хулгайлагдсан хэмээн үзэж байгаа юм. Жагсаалын үеэр Хятад дахь Эх оронч ардчилсан хөдөлгөөнийг дэмжих Хонконгийн эвслийн дэд ерөнхийлөгч Ричард Цой хэлэхдээ БНХАУ-ын засгийн газрыг Хонконгийн хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой гэсэн байна. Жагсагчид Хонконг дахь эх газрын Хятадын төлөөлөгчдийн төв байрны гадна хүрэлцэн ирж, таван эрэгтэй алга болоод байгаа энэхүү хэрэг явдалд яаралтай албан ёсны хариу өгөхийг шаардсан байна. Эдгээр таван эрэгтэйн нэг нь Ли Бо хэмээх Их Британий иргэн бөгөөд тэрээр өнгөрсөн 12 дугаар сарын 30-ны өдөр алга болсон юм. Эдгээр таван эрэгтэй нь Хятадын коммунист удирдагчид болон эх газрын Хятадад хориотой сэдвүүдийг хөндсөн улс төрийн номуудыг хэвлэн гаргадаг Mighty Current хэмээх хэвлэлийн газартай холбоотой хүмүүс юм.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/