Хүндийн өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд болов. Тэмцээнд төв, орон нутгийн 13 байгууллагын 80 гаруй тамирчин эрэгтэй долоо, эмэгтэй зургаан жинд өрсөлджээ.
Энэ үеэр 62 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ө.Чагнаадорж залуучуудын улсын рекордыг 16 кг-аар ахиулан шинэчлэн тогтоолоо. Тэрбээр огцом өргөлтөөр 106 кг, түлхэлттэй өргөлтөөр 140 кг-ыг өргөсөн бөгөөд энэ жинд 14 тамирчин хүчээ сорилоо.
Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд “Самбуу сан” клубын тамирчин спортын мастер Ч.Нямзул огцом өргөлтөөр 63 кг-ыг өргөж өсвөр, залуучууд, насан хүрэгчдийн Улсын рекорд амжилтыг ахиулсан бол энэ жинд Өвөрхангай аймгийн тамирчин А.Энхбаяр спортын дэд мастерын болзол хангав.
Багийн дүнгээр олон улсын хэмжээний мастер М.Анхцэцэг дасгалжуулагчтай “Самбуу сан” клубийн баг тамирчид түрүүлж, Д.Чинзориг дасгалжуулагчтай “Төрөлжсөн сургалттай биеийн тамирын дунд сургууль”, А.Отгонжаргал дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооныхон удаалжээ.
Сэтгэгдэл (1)