Энэ сарын 6-ны лхагва гаригт Хойд Солонгос улс устөрөгчийн бөмбөг туршсанаа албан ёсоор мэдэгдсэний дараа хөрш зэргэлдээх улс орнуудаас нь авахуулаад, дэлхийн бусад улс орнууд ч мөн шүүмжилсэн байр сууриа илэрхийлээд байгаа юм. Өнөөдөр Өмнөд Солонгос улсын арми Хойд Солонгосын хил дээр суртал ухуулга нэвтрүүллээ. Энэ нь хоёр улсын дипломат харилцааны гэрээ хэлцэлд тусгагдсан зүйл юм байна.
Орон нутгийн цагаар үд дундын 12 цагаас хойш хоёр улсын хилийн 11 байрлалд Хойд Солонгос улсыг цөмийн туршилт явуулсандаа хариуцлага хүлээхийг шаардсан утгатай суртал ухуулгыг чанга яригчаар нэвтрүүлсэн байна. Умард Солонгосчууд үүнийг өдөөн хатгалга гэж үзэж хариу арга хэмжээ авч магадгүй учраас Өмнөд Солонгосын арми бэлэн байдалд байгаа юм.
Хоёр улсын хооронд байгуулсан дипломат гэрээ хэлцэлд хэрэв нөхцөл байдал зүй бусаар эргэвэл ухуулга суртал нэвтрүүлнэ гэж тугасныг Өмнөдийн Нэгтгэлийн яам мэдэгдсэн байна. Одоогоор Хойд Солонгос улс Өмнөдийн суртал ухуулгын хариуд ямар нэг ноцтой үйлдэл хийгээгүй байна. Сөүл хотын оршин суугчдын хувьд эрх баригчдын энэ үйлдлийг дэмжсэн болон буруутгасан байр суурьтай байгаа юм.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/