Франц улсын шүүх шатны байгууллага Исламын улс зэвсэгт бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй сэжигтэй этгээдүүдэд зохих хэмжээний ялыг оноолоо. Шүүхээс Исламын улс бүлэглэлийн толгойлогчдын нэг гэж үзэж байгаа этгээдэд 15 жилийн хорих ял, бусад 6 хүнд 6-9 жилийн хорих ял оноосон байна.
Салим Бенгалим гэгч этгээдийг цахим сүлжээ ашиглан Европын хэт даврах үзэлтэй иргэдийг уруу татан, Исламын улс бүлэглэлд шинээр элсүүлж байсан гол хүн хэмээн үзсэн байна. Мөн 6-9 жилийн хорих ял авсан бусад 6 этгээдийг ч бусдыг зэвсэгт бүлэглэлд элсүүлж, гэмт халдлагад бэлдэж байсан хэрэгт буруутгажээ.
Салим Бенгалим болон бусад яллагдагчид шүүх танхимд байгаагүй юм. АНУ-ын Засгийн газраас эрэн сурвалжлагдаж байгаа гэмт этгээдийг бусадтайгаа хамт Сири улсад байгаа гэж үзэж байна. Франц улсын шүүхийн шийдвэрийн дагуу эдгээр хүмүүсийг барьсан тохиолдолд нэн даруй хорьж, ялыг нь эдлүүлнэ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/