Одоогоос жилийн өмнө буюу 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Франц улсын нийслэл Парис хотод байрладаг Чарли Хебдо сэтгүүлийн байранд халдлага гарч, 11 хүн амиа алдсан юм. Энэ өдрөөс хойш 2 хоногийн дараа өөртөө үйлчлэх дэлгүүрт мөн халдлага гарч 3 хоногийн хугацаанд нийтдээ 17 хүн амь насаараа хохирсон билээ. Эдгээр халдлагын үеэр амь насаа алдсан хохирогчдын дурсгалыг өнгөрсөн шөнө хүндэтгэлээ.
Парис хотын Бүгд Найрамдах талбайд амь насаа алдсан хохирогчдын дурсгалыг хүндэтгэж, хотын оршин суугчид цэцэг өргөн, лаа барьсан байна. Өнгөрөгч 2015 он Парисчуудын хувьд тийм амар тайван жил болж өнгөрөөгүй. Он гараад удалгүй сэтгүүлийн байр халдлагад өртсөн бол 2015 он дуусахын өмнө террористуудын халдлага 130 гаруй хүний амь насыг авч одсон юм.
Чарли Хебдо сэтгүүлийн байранд халдага гарсан өдөрт зориулж Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдэл хийлээ. Тэрээр Парис хотын цагдаагийн газрын түргэн шуурхай үйл ажиллагааг сайшааж, 2017 он гэхэд цагдаагийн хүчнийг 5,000 албан хаагчаар хүч нэмэгдүүлэхээ хэлсэн юм.
Харин Ерөнхийлөгчийн уг мэдэгдлийн дараахан Парис хотын хойд хэсэгт байрладаг цагдаагийн газарт заазуур, хуурамч тэсрэх бөмбөгний бүстэй эрэгтэй халдлага үйлдэхийг санаархсан юм. Цагдаа нар эрэгтэйг буудаж газар дээр нь амь насыг хороожээ. Халдлага үйлдэхийг санаархсан эрэгтэй Марокко улсаас гаралтай Саллах Али гэгч хулгайн гэмт хэрэгт холбогдож байсан этгээд байсан байна. Түүний биенээс Франц улсын Сирид явуулж буй Исламын улс зэвсэгт бүлэглэлийн эсрэг агаарын цохилтыг буруушаасан утгатай зүйл бичсэн цаас олжээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (1)