Нидерланд улсын ЕХ-г даргалахаар болсныг албан ёсоор эхлүүлэх арга хэмжээнд Европын Комиссийн Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер бусад төлөөлөгчдийн хамт өчигдөр Амстердам хотноо хүрэлцэн ирсэн бөгөөд тэднийг Нидерландын Ерөнхий Сайд Марк Рутте угтан авсан байна. Энэ үеэр Нидерландын Үндэсний Далайн Музейн байранд зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхий Сайд Марк Рутте ирэх 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр зорьж байгаа зорилгуудаа хуваалцсан байна.
Нидерландын Ерөнхий Сайд, Марк Рутте хэлэхдээ "Европын Холбоо зөвхөн урагш тэмүүлж, тодорхой үр дүнд хүрэхийн төлөө бид ажиллах болно. Европын хувьд яг энэ цаг мөчид урьд өмнөхөөсөө ч илүү үр дүнд хүрэх шаардлага тулгараад байна. Европын Холбоо түүхэндээ хамгийн том сорилттой нүүр тулаад байгаа нь тодорхой байна. Сири улсын дүрвэгсдийг хүлээн авч, байршуулах асуудалд маш их хэмжээний хүчин зүтгэл шаардагдаж байна. Мөн Исламын Улс бүлэглэлийн террорист үйл ажиллагааны эсрэг хилийн чанадад болон дотооддоо тэмцэхэд ч ихээхэн хүчин зүтгэл шаардлагатай байна. Европын Холбоо энэ бүх томоохон асуудалтай санхүүгийн хямралаас дөнгөж сэргэж байхдаа тулгарч байна. Маш олон хүн одоог хүртэл ажилгүй байна. Тийм ч учраас манай улс Европын Холбоог даргалах хугацаандаа холбооны нэгдмэл зах зээлд анхаарлаа хандуулан ажиллах болно. Мөн Жан-Клод Юнкерийн 2014 оны 7 дугаар сард танилцуулсан стратегийн хөтөлбөр болон улс төрийн тэргүүний зорилтуудыг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллах болно" гэжээ.
Европын Комиссийн Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер мөн энэ үеэр үг хэлсэн бөгөөд тэрээр Нидерланд улс ЕХ-г даргалах болсонд таатай байгаагаа дурьдаад амжилттай ажиллана гэдэгт итгэж байна гэжээ. Нидерланд улсын хувьд хамгийн сүүлд 2004 онд ЕХ-г даргалж байсан юм.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/