Туркийн Аюулгүйн хүчнийхэн Курдуудын сөрөг хүчнийхэнтэй зөрчилдөж, улмаар зүүн өмнөд нутгийн Диярбакыр хотод 24 цагийн турш хөл хорио тогтоогоод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Хотын оршин суугчид хөл хориог эсэргүүцсэн жагсаал хийсэн ч цагдаагийн ажилтнууд босогчдыг тараахыг оролджээ.
Диярбакыр хотын Баглар дүүрэгт 500 гаруй босогч болон цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн гарсан байна. Хотын зарим дүүргүүдэд тавьсан хөл хориог эсэргүүцэгчдийн эсрэг Туркийн цагдаагийн ажилтнууд даралтат усаар шүршжээ.
Туркийн Аюулгүйн хүчин Курдуудын сөрөг хүчнийхэнтэй эхлүүлсэн зөрчил мөргөлдөөний дүнд өнгөрөгч оны 12 дугаар сараас эхлэн хотын зарим дүүргүүдэд 24 цагийн хөл хорио тогтоогоод 30 гаруй хонож байна. Гэвч энэ нь гэм зэмгүй оршин суугчдад хүндрэлтэй байгаа тул эсэргүүцэхээс өөр аргагүй болж байгаа юм.
Турк улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд Стамбуль хотод хэвлэлийн хурал хийж Диярбакыр хотод тогтоосон хөл хориогоо цуцлахыг эрх баригчдаас шаардлаа. Учир нь тус хотын оршин суугчид хөл хорионоос болж шаардлагатай хүнс тэжээлээ авч чадахгүй, эмнэлэгт хандаж чадахгүй байгааг анхааруулжээ. Туркийн Аюулгүйн хүчин болон Курдын Хөдөлмөрчдийн намын мөргөлдөөний улмаас 300 гаруй хүн амиа алдаад байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/