Монголын Бүх ард түмний спортын ХIV их наадмын нэгдсэн заавар, төсөв, лого эмблемний загвар зэргийг хэлэлцэн батлав.
Энэхүү наадмын гол зорилго нь биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэх болон нийтийн биеийн тамир, их спортын хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлоход оршиж байгаа юм.
Монголын Бүх ард түмний спортын XIV их наадам энэ сард эхлэх бөгөөд 9 сарын хугацаанд орон даяар зохион байгуулагдах юм байна Энэ удаагийн наадам өвлийн 2 төрөл (цана, тэшүүр), зуны спортын 16 төрөл (буудлага бокс, байт харваа, жүдо бөх, чөлөөт бөх, хүндийн өргөлт, ширээний теннис, хөнгөн атлетик, шатар, волейбол, сагсан бөмбөг, дугуй /уулын дугуй/, таеквондо /олимпийн/, даам, аэробик, хөл бөмбөг)-өөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын 2 төрлөөр (пара жүдо бөх, пара хөнгөн атлетик) явагдах аж.
Наадмын спортын төрлийг тухайн спортын төрөл нь нийт хүн амыг хамарсан байдал, 2012 оны олимпийн эрх авсан зэрэг үзүүлэлтийг харгалзан сонгож, аймаг, дүүрэг болон их дээд сургуулиуд, клубүүд бие даан оролцохоор зааварт тусгажээ.
Монголын Бүх ард түмний спортын XIV их наадамд медаль хүртсэн тамирчин, багийн нийлбэр дүнгээр эхний 3 байрт шалгарсан дасгалжуулагчдыг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 64 дүгээр тогтоолын дагуу алтан медаль хүртсэн тамирчин 1.500,0, мөнгөн медаль хүртсэн тамирчин 1.000,0, хүрэл медаль хүртсэн тамирчин 800,0 төгрөгийн мөнгөн шагнал багийн дүнгээр эхний 3 байр эзэлсэн багийн дасгалжуулагч тамирчны нэгэн адил мөнгөн шагналыг олгох аж. Өвөл, зуны төрөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулагдаж байгаа наадамд байгууллагын нэгдсэн дүнг медалийн чанар, тоог харгалзан тус бүр 10 байгууллагыг их наадмын өргөмжлөл, дурсгалын цом, медалиар шагнаж урамшуулахын зэрэгцээ, наадмыг амжилттай зохион байгуулсан 10 спортын холбоодыг шалгаруулан их наадмын өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын медалиар шагнаж, урамшуулах юм байна.