Иракийн Анбар мужийн нийслэл Рамади хотыг Исламын улс зэвсэгт бүлэглэлийнхнээс чөлөөлсний дараах сэргээн босголтын ажил явагдаж байна. Армийн цэргүүд хотыг хэт даврагсдаас бүрэн цэвэрлэж, оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж хүргэсээр байгаа юм.
Иракийн арми Рамади хотыг эргүүлж авахад АНУ болон түүний холбоотон улс орнуудын агаарын цохилт маш том дэмжлэг болсон юм. Исламын улс бүлэглэл Ирак, Сирийн бүс нутагт гол хүчээ төвлөрүүлээд байгаа. 2014 оноос хойш үргэлжилсэн агаарын дайралт, Курдын явган цэргийн тулааны дүнд Исламын улс бүлэглэлийн хяналтаа тогтоосон нийт бүс нутгийн 30 хувийг чөлөөлөөд байна.
Багдадаас ирүүлсэн мэдээгээр хэт даврагсдын Иракт эзэлсэн бүс нутгийн 40 хувийг, Сирид эзэлсэн нутаг дэвсгэрийн 20 хувийг эргүүлэн авсан байна. Гэсэн ч хэт даврагсад Иракийн 2 дахь том хот Мосул хотыг хяналтандаа авсан хэвээр байгаа юм.
Рамади хотыг чөлөөлсний дараа сэргээн босголтын ажилд Иракийн арми болон холбоотнууд тусалсаар байна. Тэд хэт даврагсдад барьцаалагдсан гэр бүлүүдийг суллаж нүүлгэн шилжүүлж байгаа юм. Мөн шаардлагатай газруудад хүмүүнлэгийн тусламж хүргэсээр байна. Иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд нисэх хүчний тусламж хэрэгтэй байна гэжээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/