БНАСАУ-ын төрийн мэдлийн телевизээр устөрөгчийн бөмбөг анх удаа амжилттай туршсан талаар өнөөдөр мэдэгдлээ. Хэдийгээр өрнөдийн зарим улс орнууд туршилт явагдсан гэдэгт бүрэн дүүрэн итгэлгүй байгаа ч Хойд Солонгосын эх сурвалж болоод АНУ-ын газарзүй судлалын газраас туршилтыг батлаад байна.
Хойд Солонгосын Төрийн мэдлийн телевизийн дамжуулснаар устөрөгчийн бөмбөг турших үед Пунге-ри туршилтын баазын ойролцоо 5,1 магнитудын хүчтэй чичирхийлэл үүссэн байна. АНУ-ын газарзүй судлалын газрын олж илрүүлснээр Пхеньяны цагаар өнөөдөр өглөө 10 цагт Хойд Солонгосын зүүн хойно Килжү хотоос 50 км-т Пунге-ригийн ойролцоо газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн нь устөрөгчийн бөмбөг туршсан явдал байж болох юм.
Хойд Солонгос улс 2006 оноос хойш 3 ч удаа газар доогуур цөмийн зэвсгийн туршилт явуулсан нь олон улсын шүүмжлэл сэрэмжлэлийг дагуулсаар ирсэн. Хамгийн 2013 онд цөмийн бөмбөг туршсаны дараа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл шуурхай хуралдаан зарлаж, Хойд Солонгосын хурцаар шүүмжлэн буруутгаж байсан юм. Харин энэ удаад Умардууд цөмийн бөмбөгөөс ч илүү хүчтэй дэлбэрэлт үүсгэх хүчин чадалтай устөрөгчийн бөмбөг туршлаа.
Устөрөгчийн бөмбөгийн технологийг АНУ 1958 оноос хойш хөгжүүлж ирсэн байна. Энэ нь устөрөгчийн изотопыг цөмийн хайлштай нэгтгэж хүч оруулсан зэвсэг юм. Өөрөөр дулааны цөмийн бөмбөг ч гэж нэрлэдэг. Цацраг идэвхит бодисын хаягдал арай бага гарч болох ч тэсрэлтийн хэмжээ энгийн атомын бөмбөгөөс хамаагүй хүчтэй байдаг байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (2)