Австрали улсын өтгөн шигүү ой модонд төөрч сураггүй болсноос хойш 6 жилийн дараа олдсон хонийг анх удаа хяргасан байна. 6 жил огт хяргуулаагүй хонины ноос дээд амжилт эвдэх байх гэж найдаж байсан ч амжилт эвдэж чадаагүй байна.
Шейла нэртэй хонь 2010 онд Тасманий Хобартын ойролцоох онгон зэрлэг ойд төөрч алга болоод байсан юм. Эндэхийн оршин суугч Петр Жонс хонийг замын хажуугаас олж байжээ. Хонь алга болсноосоо хойш огт хяргуулаагүй байсан учраас ноосоо даахаа больж хөдөлж чадахгүй хэвтэж байсан байна.
Австралийн хоньчин Жон Эломес Шейла хонийг хяргаж 21 кг ноос гарсан байна. Ноос нь бөөгнөрч хяргахад хүндрэлтэй байсан төдийгүй нуруу хэсэг дээр нь өвс ногоо зоогдсон байжээ. Өнгөрсөн жил Австрали улсад Крис нэртэй хонийг хяргахад 41 кг ноос гарснаар дэлхийн дээд амжилтыг тогтоогоод байсан юм.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (4)