АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Холбооны Мөрдөх Товчоо, Ерөнхий Прокурор болон бусад нөлөө бүхий эрх баригчидтай уулзсаныхаа дараа галт зэвсгийн хуулинд 2 дахь удаагаа нэмэлт өөрчлөлт оруулахаар болсноо мэдэгдлээ. Энэ удаад Ерөнхийлөгчийн санал хэрэгжихэд Конгрессийн дэмжлэг шаардлагагүй юм байна.
Ерөнхий Прокурор Лоретта Линч, Холбооны Мөрдөх Товчооны дарга Жеймс Комей болон бусад хууль тогтоогчид Ерөнхийлөгчтэй уулзсан байна. Ерөнхийлөгч галт зэвсгийн хуулийг 2 дахь удаагаа чангатгаснаар 2016 онд гарч болзошгүй зэвсэгт халдлагуудаас сэргийлж чадна гэж харж байгаа юм. Хэдийгээр Конгресст дийлэнхийн суудал эзэлсэн Бүгд Найрамдахчууд Барак Обамагийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа ч энэ удаад Конгрессийн дэмжлэг шаардлагагүй юм байна. Барак Обама "Шинэ он гарахаас өмнө би нөлөө бүхий эрхмүүдтэй санал солилцож АНУ-д гарч болохуйц зэвсэгт халдлагуудаас сэргийлэх арга хэмжээ авах тухайгаа дурдаж байсан. Бид дөнгөж саяхан шийдэлд хүрлээ. Өнөөдөр гаргасан шийдвэрийг АНУ-ын галт зэвсэг эзэмшигч иргэн бүр ойлгож хүлээж авч чадна гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Галт зэвсгийн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр албан ёсоор танилцуулах ч Цагаан ордны даваа гаригийн орой хэвлэл мэдээллийнхэнд өгсөн мэдээллээр зэвсэг наймаалагчид тусгай зөвшөөрөлтэй байхаас гадна цахимаар болон ил тодоор зэвсэг наймаалагчдыг бүгдийг нь шалгах юм байна. Шалгалтын ажлын тэн хагасыг ХМТ гүйцэтгэнэ. Батлан хамгаалах, шүүх, дотоодын аюулгүй байдлыг хамгаалах газрууд зэвсгийн аюулгүй байдлыг хангах ухаалаг технологийг судлах юм байна. Мөн Конгрессээс 500 сая долларын хөрөнгө оруулалтыг батлахыг хүснэ гэжээ.
Гүрпүрэв Ганчимэг/UBS/