Агаарын бохирдлоороо дэлхийд Энэтхэг, Хятад улсууд тэргүүлж байгаа ч Итали улсад ч мөн энэ асуудал эрх баригчдын өмнө тулгамдсан бэрхшээл болоод байна. Неаполь хотын эрх баригчид агаарын бохирдолтой тэмцэхийн тулд 6 хоногийн турш авто замын хөдөлгөөнийг хориглосон юм.
Хориг өнөөдөр 3 дахь хоногтоо хэрэгжиж байна. Хотын авто замуудаар бүх төрлийн автомашин, мотоцикл, моторт тээврийн хэрэгслүүдийг явуулахгүй байгаа юм. Зөвхөн олон нийтийн тээврийн хэрэгсэл болон унадаг дугуй, явган зорчигчдын хөдөлгөөнийг зөвшөөрчээ. Энэ хориг 6 хоногийн турш өдөр бүрийн өглөөний 8 цагаас оройны 16 цаг хүртэл хүчинтэй хэрэгжиж байна.
Эрх баригчид болон замын цагдаагийн газраас авто замын хөдөлгөөнийг хорьсон нь агаарын бохирдлыг бууруулахад тун дөхөмтэй шийдэл болсон гэж сайшааж байгаа юм. Хотын оршин суугчдын хувьд ч энэ хоригийг цаашид хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Гэхдээ хотын захиргааны эрх баригчид хориг арга хэмжээний талаар оршин суугчдад бүрэн дүүрэн мэдээлэл өгч байхыг хүсчээ.
Неаполь хотоос гадна Италийн Милан, Ром зэрэг бусад томоохон хотуудад хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр яригдаж байна. Эдгээр хотуудад агаарын бохирдлын хэмжээ оршин суугчдын эрүүл мэндэд аюултай түвшинд хүрээд байгаа юм.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (1)