Ирак улсын арми өнгөрсөн 5 дугаар сард жихадистуудад эзлэгдээд байсан Рамади хотыг эргүүлэн авч, туг далбаагаа мандуулан ялалтаа тэмдэглэлээ. Энэ баярт үйл явдлыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри баяртайгаар хүлээн авсны дараа Иракийн Ерөнхий сайд Хайдер аль Абади Исламын улс зэвсэгт бүлэглэлийнхнийг эх орноосоо хөөн зайлуулахаа мэдэгдсэн байна.
Ерөнхий сайд армийн цэргүүд Рамади хотыг эзлэн авсан хэдий ч Мосул хотын төлөө тулаанаа үргэлжлүүлж, энэ хотыг ч мөн эргүүлэн авахыг уриаллаа. Хэт даврагсдад эзлэгдсэн хот суурингуудаа эргүүлэн авч чадвал Исламын улс зэвсэгт бүлэглэлийг улс орноосоо хөөж гаргах цаг удахгүй ирнэ гэжээ. Хайдер аль Абадигийн хэлснээр 2016 он бол агуу ялалтын жил байх болно.
Иракийн нийслэл Багдад хотоос 90 км-т байдаг Рамади хотын төлөөх дулаан олон долоо хоног үргэлжилсэн юм. АНУ-ын бөмбөгдөгч онгоцууд армийн ар талыг хамгаалжээ. Рамади хотын төлөөх тулааны гарз хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна. Хотыг эргүүлэн авч улсынхаа тугийг мандуулсан ч Исламын улс бүлэглэлийн хэт даврагсад дахин үймээн гаргахаас сэргийлж энх тайвныг тогтоох нь чухал юм.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (5)