Нигери улсад хий тээвэрлэгч ачааны машин дэлбэрч ойр орчимд гал гарсан байна. Ослын улмаас зуу гаруй хүн амь насаа алджээ.
Тээвэрлэгч машин хийн үйлдвэрээс хий шахаж байгаад дэлбэрсэн тул амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь үйлдвэрийн ажилчид байгаа юм байна. Мөн их хэмжээний гал гарсан тул ойр орчмын оршин суугчид осолд өртөж амиа алджээ.
Осол Нигери улсын Христийн шашинтнууд түлхүү оршин суудаг зүүн өмнөд нутгийн Неви хотод гарсан байна. Цагдаа нар хэргийг мөрдөн шалгаж байгаа ч санамсаргүй осол байсан гэж үзжээ. Гэмтэж шархадсан иргэдийг Неви хотын Намда Азикиве их сургуулийн эмнэлэгт хүргэсэн байна.
Зул сарын баярын өдөр болж байгаа тул хийн үйлдвэр хөл хөдөлгөөн ихтэй байсан байна. Иргэд баярын зоогоо бэлдэхийн тулд хийн түлшээ базаахаар үйлдвэрийн гадна цугласан байжээ. Хэргийн газарт байсан гэрчүүд дэлбэрэлтийн дараа өтгөн хар утаа тэнгэрт суунаглаж байсныг ярьжээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/