Японы машин үйлдвэрлэлийн аварга болох Тоёота компани дэлхийн анхны устөрөгчийн хөдөлгүүртэй машинаа бөөнөөр үйлдвэрлэж эхэлжээ. Шинэ суудлын Мирай хэмээх автомашин нь зөвхөн устөрөгчөөр ажиллах бөгөөд агаар бохирдуулдаг хаягдал болох утааны оронд цэвэр ус ялгаруулах юм байна. Зохион бүтээгчдийн хэлж байгаагаар уг машин нэг цэнэглэлтээрээ 650км замыг өлхөн туулах юм байна. Тоёотагийн үйлдвэр нь эхний устөрөгчийн хөдөлгүүртэй Мирай загваруудаа Японы зах зээлд энэ 12 сараас борлуулж эхлэх бөгөөд 2016 оноос АНУ-ын зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ шинэ үеийн төмөр хүлгийн үнэ Япондоо 60.000 орчим америк долларын үнэтэй байх бөгөөд улсын зүгээс энэ машиныг худалдан авч буй иргэдэд 17.000 ам. долларын тэтгэлэг өгөх ажээ.Мирай нь зөвхөн устөрөгчөөр явдаг тул тусгай цэнэглэх станц хэрэг болох юм байна. Гэхдээ цэнэглэх хугацаа нь хэдхэн минут юм. Үйлдвэрлэгчдийн хэлж буйгаар нэг дүүргэсэн банкаараа 650км явах бөгөөд нэг км-т оногдох зардал нь ердөө $0.1 болох юм байна.
Элетрохимийн үүсгүүр дотор устөрөгчийг исэлдүүлэх зарчмаар энерги гарган ажиллах бөгөөд энэ энергээр ажиллах цахилгаан хөдөлгүүр нь 136 морины хүчтэй юм. Ойрын ирээдүйд устөрөгчийн хөдөлгүүртэй автомашины зах зээлд Хонда компани өрсөлдөхөөр зэхэж байгаа бөгөөд 2016 оноос FCV загвараа худалдаанд гаргах юм.
/UBS.MN/
Сэтгэгдэл (1)