Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн ОХУ-д хийж буй айлчлал үр өгөөжтэй боллоо гэж дүгнэж байна. Хоёр улс 7 тэрбум долларын гэрээ байгуулсны дийлэнх нь Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүд юм.
Нарендра Модигийн айлчлалаар хоёр улсын иргэд сул чөлөөтэй зорчих, хөрөнгө оруулалтын салбаруудад үр өгөөжтэй болсноос гадна Батлан Хамгаалахын салбарт нилээд хэдэн томоохон гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж чадлаа. Энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцааг мэдэгдэхүйц ойртуулж чадсан гэж харж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэг-Оросын стратегийн түншлэл цаашид улам бүр хөгжин дэвшнэ гэдэгт найдаж байгаагаа хэлсэн юм. Мөн Энэтхэг улсад барьж өгөхөөр амласан цөмийн станцын реакторууд WWR-1200 түвшний хамгийн орчин үеийн, аюулгүй технологийг суурилуулсан байх болно гэдгийг амлажээ. Харин Ерөнхий сайд Нарендра Моди Энэтхэг улс ОХУ-ын стратегийн түнш болсноороо дипломат ажиллагаа, Батлан хамгаалах, хөгжин цэцэглэлтэндээ маш том хувь нэмэр оруулж байна гэжээ.
Энэтхэг улс Оросоос S-400 пуужингууд худалдаж авч магадгүй гэж яригдаж байсан ч энэ талаар ямар нэг зүйл дурдалгүй өнгөрсөн байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (1)