Өчигдөр буюу 12-р сарын 22-ны өдөр хамгийн урт шөнө, богино өдөр тохиолоо. Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн есөөр тоолж ирсэн бөгөөд 12-р сарын 22-ны өдөр нэг ес эхэлдэг номтой. Энэ ёсоор тэсгим хүйтэн өвлийн улирал дэлхийн хойд хагаст эхэлсэн ч манай хойд хөрш ОХУ-д цаг агаар нилээд дулаан байна.
Мягмар гарагийн өглөөний байдлаар ОХУ-ын зарим хэсэгт +7 хэмийн дулаан байгаа бол нийслэл Москва хотод нь цас мөс хайлж эхэлсэн байна. Жилийн өдийд голцуу хүйтэн сэрүүн байдаг Москва хотод ийнхүү цаг агаар дулаарсан нь сүүлийн 100 жилд байгаагүй үйл явдалд тооцогдож байна. Цаг уур судлаачдын мэдээлж байгаагаар энэ долоо хоногийг дуустал Москва хотноо цаг агаар ийнхүү дулаан байх аж. ОХУ-ын хэмжээнд ерөнхийдөө цаг агаар дулаавтар байгаа юм.
Жилийн өдийд мөсөн гулгуурын талбайд хүүхдүүд тоглож байдаг ч энэ жилийн хувьд нөхцөл байдал арай өөр байна. Ихэнхи мөсөн гулгуурын талбайн цас мөс хайлж урссан бөгөөд ард иргэд хавар намрын хувцастайгаа гадуур алхаж байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/