Иракийн цэрэг арми "Исламын улс" бүлэглэлийн эсрэг хийх тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа юм. Өнгөрсөн Мягмар гаригт Иракийн зэвсэгт хүчин Рамади хотоос хэт даврагсдыг хөөн гаргаснаа зарлалаа. Энэ нь нилээд том амжилтанд тооцогдож байгаа бөгөөд Рамади хотыг "Исламын улс"-ын хяналтаас гаргасан нь Иракийн армид урам зориг өгсөн үйл явдал болоод байгаа юм. Багдад хотоос 130 километрийн зайд орших Рамади хот нь экстремист бүлэглэлийн түшиц газар, бааз суурь нь болж ирсэн юм.
Өнгөрсөн 5-р сард зэвсэгт босогчид Рамади хотыг эзэлж, үүнээс хойш олон улсын цэргийн эвсэл тус хотыг чөлөөлөхөөр агаарын довтолгооныг хийсээр байсан юм. Анбар мужийн төв болсон Рамади хот нилээд нурж сүйдсэн байдалтай үлдээд байгаа ажээ. Олон удаагийн цэргийн довтолгоо, үймээн самууны хөлд үрэгдсэн тус хотод хүн оршин суух нөхцөлгүй болоод байгаа юм.
Ямартай ч энэ хотыг босогчдын гараас чөлөөлсөн нь Иракийн засгийн газрын хувьд маш том ололт амжилт болж байна.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/