ХБНГУ-д өндөр оргил, уул нуруудаас бусад хэсгээр одоог хүртэл цас ороогүй бөгөөд агаарын дундаж температур өдөртөө ойролцоогоор цельсийн 10 хэмтэй байгаа юм. Цаг агаарын энэхүү байдал нь улирлын шинжтэй бизнесүүдэд сөргөөр нөлөөлж эхлээд байна. Ялангуяа цанын бааз, өвлийн улирлын амралт зугаалгын цогцолборууд огт цасгүй байгаа нь үйлчлүүлэгчгүй болгоход хүргээд байна. Заксен мужийн Обервизенталь хот гэхэд өвлийн спортын шинжтэй аялал жуулчлалаар ихэнх санхүүжилтээ олдог бөгөөд энэ сарын байдлаар хотын энэхүү бизнес огт ашиг олоогүй байгаа талаар хотын орлогч дарга Вольфганг Дрекслер хэлсэн байна. Бавари мужийн Ленггрийс хотод ч мөн нөхцөл байдал ижилхэн байгаа юм. Тус хотод өдөртөө 12 хэм дулаан байгаа учир цанын бааз нэг ч үйлчлүүлэгчгүй байсаар байна хэмээн цанын сургалт явуулдаг Экки Кобер хэлсэн байна. Харин эсрэгээрээ хавар болж байгаа мэт дулаан улиралд германчууд чөлөөт цагаа гүйж, скейтээр гулгаж өнгөрөөж байна.
Косово улсад ч мөн хангалттай цас ороогүйн улмаас өвлийн амралт зугаалгын цогцолборууд үйлчлүүлэгчгүй байсаар байна. Тус улсын өвлийн спортын төв болох далайн түвшнээс дээш 1700 метрт байрладаг Брезовица хотод гэхэд л цас маш бага орсон бөгөөд цаг уурын төвөөс ойрын 10 хоногтоо цас орохгүй хэмээн мэдэгдсэн нь энэхүү өвлийн амралт зугаалгын цогцолборын бизнест маш сөргөөр нөлөөлж эхлээд байгаа юм. Энэ талаар тус цогцолборын зочид буудлын эрхлэгч Лабинот Витияа хэлсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/