“Оддын дайн” цуврал кино дэлхий даяар үзэгчдийг байлдан дагуулдаг билээ. Тус цувралын шинэ анги болох “Оддын дайн: Хүч эргэн сэргэсэн нь” өчигдөр АНУ-д нээлтээ хийсэн байна. Энэ удаагийн шинэ ангийн найруулагчаар Жей Жей Абрамс ажиллаж, кино зохиолыг Лауренс Касдан бичжээ. Харин дүрүүдэд өмнөх ангиудад тоглосон Харрисон Форд, Кэрри Фишер, Марк Хэмилаас гадна залуу уран бүтээлчид тоглосон аж. Киноны зураг авалтыг Абу Даби хотод авсан бөгөөд 1983 онд гарсан “Return of the Jedi” киноны 30 жилийн дараах үйл явдлыг харуулах аж.
Энэхүү кино энэ долоо хоногийн сүүлээр дэлхий дахинд нээлтээ хийх юм байна. Сонирхуулахад, “Оддын дайн” киноны эхний анги 1977 оны тавдугаар сард гарч, 775 сая ам.долларын ашиг олсон аж. Харин хоёр дахь анги нь 1983 онд гарч, 1999 он гэхэд гурав дахь цуврал хийгдсэн байж. Энэ мэт явсаар 2005 онд цувралын зургаа дах анги нь нээлтээ хийж байсан юм. Тэгвэл үзэгчдийн дунд хамгийн хүлээлт үүсгэж байсан “Оддын дайн” киноны энэхүү шинэ анги 10 жилийн дараа үзэгчдийг дахин гайхашруулах нь.