Хойд Солонгосын Засгийн газар Канад улсын Христийн шашны номлогч Хен Су Лимийг бүх насаар нь хорих ялаар шийтгэлээ. Шашны номлогчийг Хойд Солонгос улсын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн шүүхээс буруутгасан байна. Энэ талаарх мэдээллийг манай телевизийн албан ёсны эх сурвалж болох АП, Хятадын Синьхуа агентлагуудаар дамжуулсан ч Умард Солонгосын төрийн мэдлийн телевизээр хараахан мэдэгдээгүй байгаа юм.
Хен Су Лим нь энэ оны 2 дугаар сард баригдсан бөгөөд өнгөрсөн зуны 7 дугаар сард Хойд Солонгосын Засгийн газар хэвлэлийн хурал хийх хүртэл хэрэг нь хэрхэн шийдэгдэх нь огт тодорхойгүй нууцлаг байсан юм. Тус хэвлэлийн хурал дээр Канадын Христийн шашны номлогч Хойд Солонгосын төр засгийг унагах хуйвалдаан зохион байгуулсан хэргээ хүлээн зөвшөөрсөн байна.
Хойд Солонгост баригдсан гадны иргэд хуурамчаар хэргээ хүлээхээс өөр аргагүй байдаг гэдгээ суллагдаж эх орондоо эргэн ирснийхээ дараа хэлдэг юм. Олон улсын ажиглагчдын харж байгаагаар Канад улсын номлогч ч мөн албадлагаар хэрэг хүлээсэн байж магадгүй байна. Тус улсад шашны үйл ажиллагааг албан ёсоор хориглодог учраас гадны иргэд баривчлагдаж албадан хөдөлмөр эрхлэх нь цөөнгүй тохиолдол юм.
Энэ жил 60 настай Хен Су Лим нь Умардын Үндэсний Батлан Хамгаалах хороонд баригдахаасаа өмнө Канадын Торонто хотын сүмд номлогч хийдэг байжээ. Өнгөрсөн хугацаанд Пхеньянд зуу гаруй удаа ирж байсан юм байна. Ингэхдээ зөвхөн хүмүүнлэгийн ажлаар ирдэг байсан гэж Торонтогийн сүмийн эх сурвалж дамжуулжээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (1)