Сирийн асуудлаар тохиролцолд хүрэхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-д айлчлаад байгаа юм. Тэгвэл Жон Керригийн айлчлал үр дүнтэй болж Сирийн хямралыг намжаахад хамгийн их үүрэг оролцоотой АНУ болон ОХУ-ууд санал нэгдээд байна. Энэ долоо хоногийн баасан гаригт АНУ-ын Нью-Йорк хотноо дэлхийн улс орнууд хуралдаж, Сирид энхийг сахиулах НҮБ-ын тогтоолыг батлах юм.
Жон Керригийн зүгээс Америк болон Орос улсууд үргэлж бүрэн санал нийлээд байдаггүй ч Сирийн нөхцөл байдлыг аль аль сайн мэдэж байгаа гэдгийг хэлсэн байна. АНУ Исламын улс бүлэглэлийг нухчин дарахад ОХУ-тай хамтран ажиллахад бэлэн гэсэн юм. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын зүгээс өрнөдийн орнууд тэр дундаа НҮБ Сирид явуулж байгаа Оросын агаарын дайралтын талаар үнэн зөв, ил тод нотлох баримтуудыг дэлгэн харуулахыг хүссэн. Учир нь Оросын агаарын дайралт энгийн иргэдийг хохироож байгаа тухай НҮБ мэдээллээд байгаа юм.
Сирийн хямралыг намжаахад Ерөнхийлөгч Башар Аль Ассад хамгийн чухал үүрэг гүйцэтгэх хүн. АНУ түүнийг огцрохыг хүсч байгаа бол ОХУ эсрэгээрээ Сирийн Ерөнхийлөгч улс орныхоо ирээдүйг өөрөө шийдэх ёстой гэсэн байр сууринаас хандсаар ирсэн.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/